Tuesday, September 29, 2009

Стамбул Топ 10



1. Hagia Sophia музей / (Ayasofya-Аяа Софиа) 20 лира
МЭӨ 532 -537 онд Бизантины хаан Жастинианы зарлигаар баригдсан энэхүү сүмд нийт 30 орчим сая чулуугаар хийсэн шитгэмэлүүд байдаг.

2. Grand Bazaar (Kapalı Çarşı-Хаалттай зах) үнэгүй
Энэхүү захын дээвэр доор орших 66 гудамжинд алт, мөнгө, хуучны эдлэл, нэхий савхи гээд зүсэн зүйлийн эд зарах 4400 гаруй дэлгүүр оршдог аж. 1461 онд ашиглалтанд орсон энэхүү захаар өдөрт 250.000-400.000 хүн үйлчлүүлдэг.

3. Topkapı Palace (Топкапи ордон) 20 лира+15 лира
Энэхүү ордонд Оттоманы хаанууд үе дамжин 400 орчим жил амьдарсан байна. Ашиглагдаж байх үедээ 700.000 m² талбайг эзлэдэг байсан ордон өнөөдөр 80.000 m² талбайг эзлэн оршино. Топкапи ордон нь 2 үзмэрийн хэсгээс бүрддэг бөгөөд тус тусдаа билеттэй юм. Хүлээн авалт хийдэг байсан талбай, салон, буу зэвсэгийн үзмэр, бусад улсуудын тэргүүнүүдээс ирсэн бэлгүүдийг агуулдах хэсгийг 20 лира-гаар билет аван үзэж болдог бол хааны гэр бүлийн амьдардаг хэсгийг харэм гэх бөгөөд (эхнэр, татвар эмс, хүүхдүүдийн өрөө, ванн г.м) 15лира төлөн ордог. Энэхүү ордоны үзвэрүүдийн дунд хамгийн том зассан алмаз (86 карат) болох Халбагачины алмаз (Kaşıkçı Elmas) байдаг.

4. Blue Mosque (Sultan Ahmet Camii-Султан Ахмет сүм) үнэгүй
1609-1616 онуудад, Султан I. Ахметийн зарлигаар архитектур Мехмет Аа хийсэн аж. Сүмийн дотрох ханыг чимэглэх хорь орчим мянган плитаны дийлэнх нь цэнхэр тул Цэнхэр сүм гэгддэг.

5. The Bosphorus 8 лира (Ферри буюу олон нийтийн усан завиар аялахад)
Европ, Ази тивийг зааглах энэхүү хоолойгоор аялах явцад Галата цамхаг, Кизкүлэси, Долмабахчэ ордон зэрэг эргийн дагуух үзэсгэлэнтэй (түүхт) байгууламжууд үзэгдэх болно.

6. Yerebatan Sarayi (Sunken Palace Cistern) 10лира
Стамбулд ус агуулах ийм төрлийн байгууламж зуу зуугаараа байдаг ч Ерэбатан сарнижи нь хамгийн том, хамгийн алдартай юм. Энэхүү аврага худаг нь дотроо 336 гантиг баганатай бөгөөд 100 мянган тон ус агуулах чадалтай гэнэ. Дашрамдахад энэхүү байгууламж Бондын From Russia with Love анги дээр галит гардаг ш тээ. Бонд жижиг завинд суугаад баахан багана дундуур сэлүүрдээд байдаг даа, тэр чинь энд байхгүй юу.

7. Istanbul Archaeological Museum (Архиологын музей) 10 лира
19. зууны эцсээр зураач, музейчин Osman Hamdi İmparatorluk Müzesi нэртэйгээр байгуулсан бөгөөд анх 13.06.1891 онд нээгдсэн байна. Археологийн музей нь Eski Şark Eserleri Müzesi (Тhe Museum of Oriental Antiquities), Çinili Köşk Müzesi (Tiled Kiosk), археологийн музей зэрэг гурван музейнээс бүрддэг.

8. Çemberlitaş Hamam (Чембэрлиташ хамам)
Стамбул хот дээрх түүх дурсгалын байгууламжуудаас гадна Турк ванн (уур)-аараа алдартай. Түүхэн чемберлиташийн хамамд ууранд орон, массаж хийлгэж, биеэ угаалгахад ойролцоогоор 1-1.5 цаг шаардагдана.

9. Dolmabahçe Palace (Dolmabahçe Sarayı-Долмабахчэ ордон) 20 лира
1800-иад оны дундуур модоор баригдсан байсныг шинэчилсэн энэхүү ордон морьны жүчээ, гурилын тээрэм, үүдэнд нь орших баганат цаг ороод нийт 16 байшингаас бүрдэнэ.

10. Egyptian Bazaar (Misir Carşısı-Египт зах) үнэгүй
Хатаасан жимс, элдэв амтлагчууд, самар үр гээд есөн шидийн бараа зарах энэхүү захыг Египтүүдийн өгсөн татвараар барьсан тул Египт зах гэдэг аж.

Шоппинг хийх бол Жевахир, Метросити, Канён, Истиние парк зэрэг Европт хийц загвар, томоороо дээгүүр ордог худалдааны төвүүдээс гадна Стамбулын Арбатын гудамж болох Истиклал гудамжаар ороход гэмгүй.

Дээрхийн бүгдийг нь үзээд илүү цаг гарвал миний хамгийн дуртай музейнүүдийн нэг болох Карие сүмээр ороорой, өгсөн мөнгө (15 лира байсан шиг санагдаж байна), зарцуулсан цагтаа харамсахгүй шүү :) Эцэст нь 1 лира ойролцоогоор 1000 төгрөг шүү.